sonin.mn

Өчигдөр гуравдугаар сарын 4-ний үдээс хойш УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган тус улсын нийслэл Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээлтээ хийв.


Эдийн засаг, соёл, боловсрол зэрэг 34 салбарын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2100 гаруй гишүүн цуглан, улс төрийн хэлэлцүүлэгт оролцож, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх талаар санал, бодлогоо илэрхийлж буй гэнэ.


УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны чуулган бол Хятадын онцлогтой тогтолцооны зохицуулалт бөгөөд Хятадын Коммунист Намын удирдлага дор олон нам хамтран ажиллах, улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага юм гэнэ.


Мөн Хятадын улс төрийн амьдралын бүх үйл явцад ардчиллыг бүх талаар хэрэгжүүлэх чухал хэлбэр бөгөөд үндэсний засаглалын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг нь ажээ.


УТЗЗ-ийн бүх Хятадын хороо нь энэ тогтолцоог хэрэгжүүлдэг үндэсний байгууллага бөгөөд Хятадын Коммунист Нам, ардчилсан нам бүлгүүд, нам бус зүтгэлтнүүд, ардын байгууллага, үндэсний цөөнх, нийгмийн бүх салбарын төлөөлөгч, Тайваний олон нийт, Хонконг, Макаогийн иргэд, хилийн чанадаас буцаж ирсэн хятадуудын төлөөлөгч, тусгайлан уригдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганы үндсэн чиг үүрэг нь улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн бодлогын тухай хэлэлцэх явдал юм.  УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны бүрэн эрх нь таван жилийн хугацаатай бөгөөд хурлаа жил бүр хийдэг. Энэ жил УТЗЗ-ийн 14 дэх удаагийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган болж байна.


Г.Бямба