sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 19 /new-science/. Өгөгдөл хадгалах чиглэлээр мэргэшсэн Америкийн “Солидайм” компанийн мэргэжилтнүүд Пи тооны бутархай хэсгийг 105 их наяд орон хүртэл бодож, өмнөх дээд амжилтыг эвджээ. Өмнөх рекордыг 2022 онд 100 их наяд бутархай орноор тогтоож байв.


Пи тооны бутархайг тооцоолохын тулд хэдэн зуун мянган ухаалаг гар утасны хүчин чадалтай тэнцэх тооцоолох хүчин чадал, түүнчлэн нийтдээ 1 петабайт орчим өгөгдөл багтах SSD төрлийн 36 дискийг ашигласан байна. Хэрэв тэдгээр оронг тасралтгүй цаасан дээр үргэлжлүүлэн бичвэл 3.7 тэрбум гаруй километр үргэлжлэх гэнэ.


Энэхүү гайхалтай тооцооллыг хийхэд 75 хоног зарцуулсан бөгөөд өгөгдлийг хадгалах, боловсруулах манай компанийн чадварыг харууллаа гэж “Солидайм”-ын мэдэгдэлд дурдсан байна. Пи тооны аравтын бутархайг тооцоолох нь техникийн ололт төдийгүй шинэ технологи, мэдээллийг хадгалах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Энэ нь Орчлон ертөнцийн нууцыг тайлах гэсэн хүн төрөлхтөний хүсэл эрмэлзлийг илтгэж байна.  



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг