sonin.mn

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон “Ардчилал: Бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл” олон улсын гуравдугаар чуулга уулзалтад олон улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцон, “Ардчилал, засаглалын шинэчлэл” “Хиймэл оюун ухаан ба ардчиллын ирээдүй” "Олон туйлт ертөнц дэх ардчилал ба дэлхийн засаглал" зэрэг сэдвээр чуулжээ. Ардчиллын зорилго нь нийт хүн төрөлхтөнд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлж, ард түмэн бие дааж хөгжлийн замналаа сонгох эрхийг хүндэтгэн, ардчиллын нэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хагарал үүсгэн, буруу үзлийг сурталчилж, энх тайвныг эвдэхийг эсэргүүцэх явдал гэдэгт оролцогчид санал нэгдсэн байна.


АНУ-ын санаачилгаар Өмнөд Солонгост бараг нэгэн зэрэг "Ардчиллын дээд хэмжээний гуравдугаар уулзалт" -ыг зохион байгуулсан боловч тэр нь Америк маягийн ардчилал нэр хүндээ барж буйн нэг илрэл болсон гэхэд болно.


Барууны зарим улс төрчид ардчилал бол тэдний “өмч", өрнөдийн ардчилал л хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн шилдэг ололтыг илэрхийлдэг тул дэлхийн бүх улс орон жишиг болгон дуурайх ёстой гэж үздэг. Гэхдээ бодит байдал ямар байгаа вэ?


"Ардчиллын гэрэлт цамхаг" гэгддэг АНУ-ыг жишээ болгон авч үзье. Энэ супер их гүрэнд сүүлийн жилүүдэд ардчиллын замбараагүй байдал гарсаар байна. Дотооддоо үндэсний цөөнхийн эрх дарагдаж, ардчилсан сонгууль нь хөрөнгө мөнгө, улс төрчдийн хувиа хичээсэн эрх ашигт баригдаж, “Капитол Хиллийн үймээн” дэлхий нийтийг цочирдуулсан. Гадаадад ардчилал гэдэг нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, бүлэглэл үүсгэн сөргөлдүүлж байдаг. Энэ мэт хуурамч ардчилал, жинхэнэ ноёрхол дэлхий дахинд мөргөлдөөн, дайныг авчирсан. Нэгэн цагт "Түүхийн төгсгөлийн онол"-ыг дэвшүүлж байсан АНУ-ын эрдэмтэн Фукуяма сүүлийн жилүүдэд АНУ-д ардчилсан улс төр ноцтой уналтад орж байгааг удаа дараа сануулах боллоо.

Ийм нөхцөл байдалд дэлхийн өнцөг булан бүрээс ардчиллын талаарх мэдлэгтэй хүмүүс Бээжинд хуран цугларч, форумын үед ардчиллын талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн нь маш чухал ач холбогдолтой юм.

Ардчилал нь зөвхөн барууныханд байдаг үнэт зүйл биш, барууны орнууд өөрийн үзэл суртлаа дэлхийн бусад орон, бүс нутагт албаар сурталчилж хэрэгжүүлж болохгүй гэж Италийн ерөнхий сайд асан Массимо Д'Алема ярьж байлаа. Барууныхны ардчиллыг тэр чигээр нь хуулбарлан хэрэгжүүлсэн орнуудад үймээн самуун дэгдэж, хөгжлийн хүндрэлтэй асуудал тулгарсан гэдгийг бодит баримтууд нотолно.  


Оршин амьдрах эрх, хөгжлийн эрх, жинхэнэ сайн сайхан амьдрал нь хөгжил, ардчиллын тухай улс орнуудын ард түмний гол хүсэлт болохыг саяхан CGTN-ий 32 орны 40 мянга орчим төлөөлөгчдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулж байна.


Ардчилал бол хэн нэгний өмч биш, харин баялаг олон талт байх ёстой. Ардчиллыг бүлэглэн сөргөлдөх зэвсэг болгон ашиглаж болохгүй. Дэлхийн засаглалыг сайжруулахад илүү ардчилсан дүрэм журам боловсруулах шаардлагатай... Бээжингийн форумын үеэр дэвшүүлэгдсэн "ардчиллын тухай нийтлэг ойлголтууд" дэлхий нийтэд асуудлыг харах шинэ өнцгийг харууллаа.Барууныхан шахалт, дарангуйлал явуулахыг оролдох юм бол бүтэлгүйтэх нь дамжиггүй.


Наянтайн Далантай