sonin.mn

3-р сарын 27-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Америкийн бизнес эрхлэгчид болон стратегийн эрдэмтдийн төлөөлөлтэй уулзсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сард Сан Францискод болсон Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтаас хойш БНХАУ-ын дарга Америкийн иргэдтэй анх удаа нүүр тулан уулзаж байгаа явдал юм. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: " Сан Францискогийн уулзалтын хамгийн том нийтлэг ойлголт бол Хятад Америкийн харилцаа тогтворжиж, сайжрах ёстой гэж Ши Жиньпин онцолсон бол "Фукидидын хавх" нь зайлшгүй зүйл биш хэмээн АНУ-ын төлөөлөгч хэлжээ.


БНХАУ, АНУ-ын тус тусын амжилт нь бие биедээ боломж олгодог хэмээх онол нь нэгэнт практик болон тоо баримтаар удаа дараа нотлогдсон.


Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Америкийн худалдаа 200 гаруй дахин нэмэгдэж, 2023 онд хоёр талын худалдааны хэмжээ 4.7 их наяд юаньд хүрч, одоогийн байдлаар Америкийн 70 мянга гаруй компани Хятадад хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаа явуулж, жилийн ашиг нь 50 тэрбум ам.доллараас давж, Хятадын эдийн засагт ч мөн хувь нэмэр оруулсан.Мөн Хятад, Америкийн худалдаа АНУ-д 2.6 сая гаруй ажлын байрыг бий болгосон. Үүнээс харахад Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамт хөгжих явдал юм.

Сүүлийн жилүүдэд Хятад-Америкийн харилцаа ээдрээтэй байгаагийн гол шалтгаан нь АНУ Хятадыг стратегийн гол өрсөлдөгч гэж андуурч байгаад оршино. Хятад, Америкийн төрийн тэргүүн нар Сан Францискод уулзсанаас хойш хоёр орны харилцааг сайжруулахад тодорхой ахиц дэвшил гарлаа. Гэсэн хэдий ч АНУ-ын Хятадыг буруугаар ойлгох хандлага үргэлжилсээр байгаа бөгөөд Хятадад дарамт үзүүлэх арга барил нь байнга шинэчлэгдэж, нэг талын хориг арга хэмжээний жагсаалт үргэлжилсээр байна. Энэ нь Америкийн бизнесийн хүрээнийхний хүчтэй эсэргүүцлийг төрүүлсэн. "Wall Street Journal" цахим хуудас саяхан Америкийн эмийн компанийн тайлангаас иш татан, Хятадаас "зайгаа барих" нь Америкийн эмийн компаниудын нийлүүлэлтийн сүлжээнд аюул учруулах болно гэж онцолсон байна. 3-р сарын 27-нд болсон уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, "Хоёр тал бие биенээ түнш гэж үзэж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллаж, Хятад Америкийн харилцаа улам сайжирна" гэжээ. Энэ бол Америкийн улстөрчдийн гүн гүнзгий бодох ёстой зүйл юм.


"Фукидидын хавх" нь зайлшгүй болох зүйл биш бөгөөд энэ нь Хятад, Америкийн ард түмний солилцоо, найрамдлаас үүдэлтэй юм.


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад Улс ойрын таван жилд 50 мянган америк өсвөр насны хүүхдийг Хятадад ирж солилцоо, суралцахыг урина гэж мэдэгдсэн. Саяхан АНУ-ын Вашингтон мужийн дунд сургуулийн сурагчдын солилцооны баг Хятадын олон газар очиж, санал бодлоо солилцсон байна. Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан компаниудын удирдлагууд "Хятадад айлчлах" шинэ давалгааг эхлүүлсэн бөгөөд үүнд Apple, Qualcomm, Micron болон АНУ-ын бусад олон компанийн удирдлагууд багтаж байгаа. Түүнчлэн, 3-р сарын 31-нээс эхлэн Хятад Америкийн агаарын тээврийн компаниуд долоо хоногт тогтмол нислэг үйлдэж болох зорчигчдын дээд хэмжээг одоогийн 70-аас 100 хүртэл нэмэгдүүлж, боловсон хүчний солилцооны хэрэгцээг илүү сайн хангах болов. Хятад-Америкийн харилцааны түүхийг өнгөрсөн хугацаанд ард түмэн нь бичсэн, ирээдүйд ч ард түмэн нь бүтээх болно.


Энэ жил Хятад, АНУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Эдүгээ Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол буурахгүй, харин ч нэмэгдсээр байна. Аллисон том улс орнууд хоорондоо хэрхэн зохицдог тухай шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэх болсон. Ши Жиньпины дэвшүүлсэн Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх гурван зарчим нь маш чухал бөгөөд ихээхэн ач холбогдолтой гэж тэрээр үзэж байна. Америк, Хятад хоёр хамтран ажиллаж, зөв замаа олох ёстой. "Фукидидын хавх" бол зайлшгүй зүйл биш. Энэ бол АНУ-ын бизнесийн хүрээнийхэн болон стратегийн эрдэм шинжилгээний хүрээний хүмүүсийн зөвшилцөл бөгөөд энэ нь АНУ-ын эрх баригч ангийн зөвшилцөл болох ёстой. Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Америкийн харилцаа өнгөрсөн үе рүүгээ буцах боломжгүй, гэхдээ илүү сайн ирээдүйтэй байх болно" гэсэн юм" гэжээ.


 МЭӨ 499-449 оны хооронд Грекийн хоёр хүчирхэг Афин, Спарта гэсэн хоёр улс холбоотон болоод Грек-Персийн дайнд Персийн эсрэг тулалдаж ялсны дараа хоёр гүрэн хоёулаа хүчирхэг болсон.

Ингэснээр бие биенийхээ зорилго, үйлдлийг буруугаар ойлгож, нэг тал нь нөгөөгөө халдан түрэмгийлнэ хэмээн буруу тооцоолсон. Үр дүнд нь “Пелопоннесын дайн” дэгдсэн. Үүнээс хойш олон улсын харилцаанд “Фукидидын хавх” гэдэг ойлголтыг ярих болсон. Энэ нь аль нэг их гүрэн нөгөө их гүрнийхээ үйл­дэл, зорилгыг буруу тоо­цоолс­ноор “үхлийн хав­ханд унадаг” гэсэн үг юм. 


Наянтайн Далантай