sonin.mn

Манай эрин үеийн хамгийн нэр хүндтэй физикчдийн нэг болох Их Британийн эрдэмтэн Питер Хиггс 94 насандаа даваа гарагт таалал төгсжээ.


Энэ тухай түүний ажиллаж байсан Эдинбургийн их сургуулиас гаргасан эмгэнэлд дурдахдаа “суут эрдэмтний төсөөлөл таамаглал нь биднийг хүрээлэн буй Орчлон ертөнцийн талаарх мэдлэгийг баяжуулсан” гэжээ.


Массыг зөөвөрлөгч эгэл бөөмийн тусламжтайгаар Орчлон ертөнцөд харилцан үйлчилдэг янз бүрийн хүчнүүдийг хооронд нь холбоход чиглэсэн агуу нээлтээрээ Хиггс 2013 онд физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Тэрбээр судалгааны үндсэн ажлуудаа 1960-1970-аад оны үед хийсэн бөгөөд Орчлон ертөнцийг бүрдүүлэгч эгэл бөөмсүүд яагаад масстай байдаг вэ гэдгийг бусад физикчдийн хамтран тайлбарлах гэж оролдож байлаа.


Ингэснээр цөмийн сул хүч ба их хүч, цахилгаан соронзон хүч гэсэн үндсэн хүчүүдийг ерөнхий нэг онолоор тайлбарлахын тулд эгэл бөөмийн эрэлд гарах эхлэлийг тавьсан юм. Эрлийн явцад Стандарт загварын онолыг боловсруулсан бөгөөд үүний дараа бусад бөөмийн инерцийн массыг хариуцдаг нэгэн бөөмийг хайж олох зайлшгүй шаардлага тулгарсан юм.


Питер Хиггс өөрийн баталсан “цахилгаан сул харилцан үйлчлэлийн тэгш хэм аяндаа алдагдах” тухай онолын хүрээнд тухайн бөөмийн параметрүүдийг маш нарийн тооцоолон гаргажээ. Улмаар 2012 онд эрдэмтэд Швейцар дахь Европын цөмийн судалгааны байгууллагын Адроны их хурдасгуурын тусламжтайгаар уг бөөмийг илрүүлж, түүнийг "Хигссийн бозон" гэж нэрлэсэн юм.   


Хиггстэй хамт ажиллаж байсан хүмүүс түүний тухай “хэвлэлийнхнээс зугтдаг маш энгийн даруухан хүн” хэмээн тодорхойлдог. Өөрт нь Нобелийн шагнал хүртээх болсон тухай дуулгах тэр мөчид Хиггс “заримдаа ямар нэгэн зүйл зөв гэдэг нь батлагдах ч мөн сайхан шүү” хэмээн нулимс дуслуулан хэлж байжээ.  


Оксфордын их сургуулийн профессор Алан Барр хэлэхдээ “массаас эхлээд бөөмс хүртэлх, электронуудаас эхлээд топ-кваркууд зэрэг Орчлон ертөнцийг нэвтлэн гардаг тийм талбар оршин байдаг тухай таамаглалыг Хигсс дэвшүүлснээрээ Орчлон ертөнцийн талаарх бидний ойлголтод асар ихээр нөлөөлсөн” гэв. “Тэрбээр жинхэнэ жентлмен, даруухан бөгөөд эелдэг зөөлөн, ирээдүйн эрдэмтдийг үргэлж урамшуулдаг хүн байсан” хэмээн Барр дурсан ярилаа. 



Б.Адъяахүү