sonin.mn

БАКУ, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Azertac/. Тансаг зэрэглэлийн сансрын аялал жуулчлалыг санал болгодог “Space group” компани Орчлон ертөнцийн хамгийн үнэтэй хоолны цэсийг боловсруулжээ.

 

Мишлений одтой, Копенхаген хотын “Алхимич” зоогчийн газрын ахлах тогооч Расмус Мунк 458 мянга орчим еврогийн үнэтэй цэсийг зохиосон бөгөөд түүнийг дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй сансрын хөлөг болох “Нептун” дээр санал болгох ажээ.


Энэхүү хөлгөөр зургаан аялагч 2025 онд Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс сансарт хөөрнө.  Тэд Дэлхий дээгүүр нар мандахыг харангаа оройн зоог барих гэнэ. Нэмж дурдахад, энэхүү онцгой үйл явдалд зориулан "Нептун"-ы зорчигч бүр Францын “Ogier” загварын ордонд захиалгаар оёулсан хувцсыг өмсөнө. Тэдгээр хувцсыг энэ аялалд тусгайлан зориулж, хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн даавуугаар оёжээ. 


Сайтар битүүмжилсэн капсул бүхий “Нептун” хөлөг нь судлаачдыг далайн түвшнээс дээш 100 мянган фүүтийн (30 480.06 м) өндөрт буюу нисэх онгоцнууд нисдэг өндрөөс гурав дахин өндөрт хүргэх юм. Уг хөлөг Wi-Fi-тай тул хүмүүс аяллынхаа тухай мэдээллийг шууд дамжуулах боломжтой. 


2025 оны ба 2026 оны эхний улирлын нислэгийн захиалгыг хэдийнэ аваад эхэлжээ. Энэхүү экспедицийн аяллын бүх орлогыг шинжлэх ухаан, технологийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах зорилго бүхий Сансрын шагналын санд хандивлах ажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг