sonin.mn

МОНРЕАЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /France24/. Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани Канадын зүүн нутагт цахилгаан автомашины үйлдвэрээ нээнэ гэж Канадын Засгийн газрын эх сурвалж даваа гарагт “Франс-Пресс” агентлагт мэдээлжээ. Олон тэрбум доллароор үнэлэгдэх хэлцлийн талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн ярьснаар, холбооны засгийн газар болон Онтарио мужийн аль аль нь уг ажилд санхүүгийн урамшуулал үзүүлэх ажээ. Онтариогийн тэргүүн сайд Даг Форд даваа гарагт хэлэлцээрийн талаар цухас дурдсан ба албан ёсны мэдэгдлийг пүрэв гарагт хийх төлөвтэй байна.


“Энэ долоо хоногт бид шинэ гэрээ байгууллаа. Энэ бол Канадын түүхэн дэх хамгийн том гэрээ байх болно. Энэ нь “Фольксваген”-ы төслөөс хоёр дахин илүү өргөн хүрээтэй” гэж тэрбээр хэлжээ. Ингэхдээ Германы автомашин үйлдвэрлэгч компанийн цэнэг хураагуурын үйлдвэрийн талаар дурдсан бөгөөд “Фольксваген” 7 тэрбум канад.долларын /5 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийхээр амласан ажээ.


Канад улс татварын хөнгөлөлт урамшуулал, сэргээгдэх эрчим хүчний хүртээмж, ховор ашигт малтмалын ордууд гэх мэт давуу талуудаа сурталчилснаар сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хөрөнгө оруулалтыг татаж байна. Онтарио мужийн Аллистон хотод баригдах “Хонда”-гийн үйлдвэр нь одоо ажиллаж буй “Фольксваген”, “Стеллантис” компаниудын цэнэг хураагуурын үйлдвэрүүдтэй хамтарч, цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх ажээ. 


Энэ оны нэгдүгээр сард дээрх гэрээний талаар мэдээлэл анх цацагдах үед “Никкей” сонин уг хөрөнгө оруулалтын хэмжээг 14 тэрбум канад.доллар байх болно гэж мэдээлж байсныг Канадын албаны хүмүүс саяхан баталсан байна. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан холбооны төсөвт Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар татварын шинэ хөнгөлөлтийг нэвтрүүлж, компаниудад цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээний гол сегментүүдэд ашиглагдах шинэ барилгуудын зардалд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.


“Хонда” компани 2040 он гэхэд зөвхөн утаа ялгаруулдаггүй автомашин борлуулах, 2050 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрлэл явуулах зорилт тавин ажиллаж байгаа юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ' агентлаг