
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны тавдугаар сарын 22 /TASS/. Хэт халалт нүүрлэсэн Энэтхэгийн хойд нутгийн хэд хэдэн мужид тус улсын Цаг уурын алба (IMD) таван өдрийн хугацаатай улаан түгшүүр зарлажээ. Эдгээр бүс нутагт Цельсийн 47 хэмээс давж халж болзошгүй байна.
"Ражастхан, Пенжаб, Харьяна, Делигийн нийслэлийн тойрог, Чандигарх болон Уттар Прадеш мужийн зарим хэсгийг хэт халуун агаарын давлагаа нөмрөөд байна. Иймээс эдгээр бүс нутагт улаан түгшүүр зарлалаа" гэж IMD мэдэгджээ.
Шинэ Дели хотод өнгөрсөн хоногт агаарын хэм бага зэрэг буурсан байна. Тус хотод агаарын дундаж температур Цельсийн 42.4 хэм байсан нь улирлын нормоос 2 хэмээр өндөр үзүүлэлт юм. Мөн нэг хоногийн өмнө 44.1 хэм хүртэл халжээ. Нийслэлээс баруун өмнө зүгт орших Нажафгарх хотод 43.9 хэм, тавдугаар сарын 20-нд 47.4 хэм хүрч халж байв. Үүний зэрэгцээ шөнөдөө агаарын температур 30.7 хэм болж буурсан нь улирлын хувьд хамгийн өндөр температур болжээ.
Ирэх өдрүүдэд нийслэлд дахин халж болзошгүй бөгөөд 1.00-16.00 цагийн хооронд бие тавгүйрхэж болзошгүй тул гадагш гарахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Мөн ам цангаагүй байсан ч гэсэн шингэн зүйл ихээр ууж, биед хөнгөн, сул хувцас өмсөж, нарнаас хамгаалах шүхэр хэрэглэхийг зөвлөжээ.
Тавдугаар сарын 19-нд Энэтхэгийн цаг уурын алба Шинэ Дели хотод таван өдрийн турш улаан түгшүүр зарласан бөгөөд дахин сунгасан байна.
IMD нь цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэхдээ ногоон (гадаа байх аюулгүй), шар (аюултай байж болзошгүй, сэрэмжтэй байх), улбар шар (аюултай, бэлтгэлтэй байх) болон улаан (шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, гадагш гарахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах) гэсэн дөрвөн өнгийн кодыг ашигладаг байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
баден путин галаа зогсоо. хүлэмжийн хийн хажууд бас давхар цохиж унагаад. чанагдлоо. 60 градус давахнээ. дөнгөж 5р сар. …6, 7, 8 сар
Энэтхэг улс хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг.
Европ, зүүн өмнөд Ази, латин Америк гээд хаа сайгүй саун адил л халж эхэллээ! Монгол минь л сэрүүхэн сайхан байна даа.ер нь нэг их удалгүй монгол улс минь дэлхийн диваажин болно доо! Авлигчид хулгайчидаасаа салчихвал бүр л сайхан болох байх даа!