sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 11 /Reuters/. Калифорнид жил бүр зохион байгуулдаг Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын /WWDC/ үеэр "Apple" компани "iPhone" гар утас зэрэг төхөөрөмжүүддээ зориулсан хиймэл оюун ухаан бүхий функцууд, мөн программ хангамжийн шинэчлэлтүүдээ танилцууллаа.


“Microsoft”, “Alphabet” зэрэг технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологиудыг санал болгож буй энэ үед Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр хийсэн “Apple”-ийн танилцуулга тус компани хиймэл оюун ухааны салбарт ахиц дэвшил гаргаж байгааг хөрөнгө оруулагчдадаа харуулах зорилготой байв.


“Apple” юу юу танилцуулав?


Хиймэл оюун ухаант функцууд


  • Apple Intelligence: iPhone, Mac, iPad-д зориулсан хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системүүдийн нэг хэсэг болгон тэдгээр төхөөрөмжүүдийг илүү хялбар ашиглах арга замыг санал болгох зорилготой "Apple Intelligence" технологийг танилцууллаа. Энэ технологийг iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, мөн M1 болон түүнээс хойших үеийн чип бүхий "iPad" болон "Mac" дээр ашиглах боломжтой.


  • Siri: Энэхүү функц нь одоо өргөн хүрээний асуултад хариулж, хэрэглэгчийн хүсэлтийг биелүүлэхийн тулд мессеж, цахим шуудан, хуанли, зураг, түүнчлэн бусад аппликейшнүүдээс мэдээлэл авах боломжтой болох ажээ.  


  • ChatGPT интеграцчилал: “Apple” нь өөрийн системүүд нь зураг, баримт бичгийг илүү сайн ойлгох, хэрэглэгчдэд зурвас бичих, засварлах боломжийг олгохын тулд энэхүү технологийг нэвтрүүлж байна. 


Үйлдлийн систем


  • iPhone-д зориулсан IOS 18 үйлдлийн систем нь үндсэн дэлгэцийн хоосон зайд аппликейшн, программуудыг байрлуулах, түгжээтэй дэлгэц, хяналтын хэсгийг тохируулах боломжийг олгоно.
  • Харин MacOS Sequoia нь iPhone Mirroring буюу Mac компьютер дээр гар утасныхаа дэлгэцийг харах, түүнийг ашиглах функуийг санал болгох ажээ.
  • iPadOS 18 үйлдлийн системийн тусламжтайгаар “Apple”-ийн таблет нь нэмэлт үйлдэл бүхий тооны машины аппликейшнтэй болжээ.
  • Math Notes буюу Математикийн тэмдэглэлийн хувьд хэрэглэгчдэд тоон илэрхийлэл бичих, тэдгээрийг бодох боломжийг олгох гэнэ.
  • Харин Smart Script буюу Ухаалаг бичвэр нь гараар бичсэн тэмдэглэлийг илүү ойлгомжтой болгодог байна.
  • WatchOS 11 үйлдлийн систем нь эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдийг нэг дор харуулдаг Vitals аппликейшнтэй болох бөгөөд дасгал хөдөлгөөн нь хэрэглэгчийн биед хэрхэн нөлөөлж байгааг илүү сайн харуулах дасгалын горимтой ажээ.
  • Мөн шинэ дохио зангаа, томруулсан виртуал дэлгэц бүхий VisionOS 2 үйлдлийн системийг танилцуулжээ.


Аппликейшний шинэлчлэлтүүд


  • Үүрэн холбооны болон Wi-Fi холболт байхгүй үед хиймэл дагуулын сүлжээгээр зурвас илгээх боломжтой болжээ.
  • Mail буюу цахим хуудасны аппликейшн нь цахим шуудангуудыг хувийн, маркетингийн болон гүйлгээний гэж автоматаар ангилах боломжтой болсон байна.
  • Safari-гийн хувьд зоогийн газрын байршлыг харуулах эсвэл нийтлэлээс шууд уран бүтээлчийн дууг сонсох зэрэг цахим хуудасны гол мэдээллийг харуулах боломжтой Highlight хэмээх функцтэй болжээ
  • Харин тэмдэглэл бичих, дуудлага хийх аппликейшнууд дээр хэрэглэгчид яриаг бичих, буулгах, нэгтгэх боломжтой болсон байна.
  • Мөн зураг бүтээх боломжтой Image Playground хэмээх шинэ хэрэгсэлтэй болжээ.
  • Үүний зэрэгцээ Photos программын хайлтыг сайжруулж, дүрс бичлэгнүүдээс онцлох мөчүүдийг олох боломжтой болсон байна.





Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг