sonin.mn

1-р сарын 2-нд БНХАУ, АНУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосон. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "1-р сарын 1-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден нар баярын захидал солилцож, харилцан мэндчилгээ дэвшүүлсэн.



Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны харилцааны түүх, түүнчлэн олон улсын харилцааны түүхэн дэх чухал үйл хэрэг байсан юм. 45 жилийн турш хоёр талын харилцаа хатуу бэрхийг туулж тасралтгүй урагшилж ирлээ. Хоёр талын худалдааны эргэлт 1979 онд 2.5 тэрбум ам доллар хүрэхгүй байсан бол 2022 онд 760 тэрбум ам долларт дөхсөн, харилцан хөрөнгө оруулалт гэж бараг байгаагүй бол 2022 онд 260 тэрбум гаруй ам долларт хүрсэн, 284 муж хотууд найрсаг харилцаа тогтоосон байна.



Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал, даяарчиллын асуудлаар хоёр тал үр дүнтэй хамтран ажилласан юм. Хятад, Америкийн харилцааны хөгжил нь хоёр ард түмэнд ашиг тусаа хүртээгээд зогсохгүй, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг урагшлуулна гэдгийг түүх бүрэн харуулж байна. Америкт чиглэсэн Хятад улсын бодлого байнгын тогтвортой бөгөөд тодорхой.



Тодруулбал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх явдал болно. Энэ бол Хятад, Америкийн харилцааны түүхэн явцад хуримтлагдсан туршлага, мөн хоёр том гүрэн хоорондын харилцааны зөв замнал болохоор цаг эриний хөгжлийн хэмнэл, хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэж байдаг. Хятад, Америкийн ахиц дэвшил, амжилт бүтэмж нь бүгд харилцан боломж олгодог тул хоёр талаараа харилцан дэмжиж, хамтдаа хөгжих бүрэн боломжтой юм.



Хятад, Америкийн эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэхийг Хятад улс байнга хичээдэг. БНХАУ-ын Дарга Ши Жиньпин АНУ-ыг Ерөнхийлөгч Жо Байдентэй Сан-Францискод уулзахдаа улс төр, дипломат харилцаа, эдийн засаг, худалдаа, банк санхүү, хүмүүнлэг соёлын солилцоо, глобал засаглал, цэрэг арми гээд олон салбарын 20 гаруй асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, улмаар ирээдүйд чиглэсэн "Сан-Францискогийн хэтийн төлөв"-ийг зураглан, хоёр талт харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Америкийн талтай хамт төрийн тэргүүнүүдийн чухал тохиролцоо, нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлж, санал зөрөлдөөнөө үр дүнтэй хянаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, том гүрний үүрэг хариуцлагаа хамтдаа ухамсарлаж, хүмүүнлэг соёлын солилцоог эрчимжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэн, тэрчлэн дэлхий нийтэд ач тусаа хүртээхэд Хятадын тал бэлэн" гэжээ.


Г.Бямба