
Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэлх мянган жилийн хэрэг явдал
Хятадын түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдсэн Хүннү тэргүүт нүүдэлчин малчин ард түмнүүдийн угсаа гарвалийн талаарх мэдээ баримтуудыг түүвэрлэн, нягтлан үзэж судлах нь зайлшгүй билээ. Гэхдээ тэдгээрт шүүмжлэлтэй хандахад хүргэдэг нэг зүйл бий.
Тэр бол Хятадын түүх бичээчид тэдгээр ард түмнүүдийн угсаа гарвалийг ямагт Хятадын эртний домгийн хаадын удам хойчис болгон дурддаг ёс юм. Энэ нь Хятадын түүхийн эцэг гэгддэг Сыма Цяний МТӨ II зууны эхээр бичиж дуусгасан “Түүхийн тэмдэглэл” хэмээх хөлгөн сударт тэмдэглэсэн мэдээ баримтаас эхтэй агаад түүнд дурдсан зүйлийг хожмын түүхчид ашиглан давтсаар ирсэн нь тийм ойлголт бий болоход хүргэсэн гэж Хятадын өнөөгийн түүхчид үздэг. Хэрэг дээрээ түүнээс ч өмнөх цаг үеийн Өвөг Хүннү болон бусад овог аймгуудын гарал угсааг ингэж үздэг байсан тогтсон үзэл баримтлал Хятадын эртний түүхч сударчдын дунд байсан юм.
Харин бид энэ үзэл баримтлалд төөрөгдөж, эсвэл дургүйцсэний улмаас хол хөндий, болгоомжтой хандах нэрийдлээр түүнд агуулагдаж буй түүхэн үнэ цэнтэй мэдээ мэдээллийг олж харалгүй, тогтож анхааралгүй явж иржээ.
Ялангуяа социализмын үед манай түүхч судлаачид тэдгээр мэдээ баримтыг өлгөн авч, Хятад төвийн үзлийн эсрэг, Маоизмын эсрэг тэмцэлд идэвхтэй ашиглаж байсан билээ. Өнөөдөр тэдгээр мэдээ баримтыг улс төржүүлэлгүйгээр, нөгөө талаас нь, цэвэр түүх бичлэгийн мэдээ мэдээлэл гэдэг утгаар нь авч үзвэл нэн сонирхолтой төдийгүй эртний түүхийн гүн рүү хөтлөн хүргэх зам гарц нээж өгөхүйц чухал ач холбогдолтой байгаа нь мэдэгдэнэ. Тиймээс одоо энэ талаар тогтож ярилцья.
Сыма Цянь “Шизи” буюу “Түүхийн тэмдэглэл” хэмээх алдарт бүтээлийнхээ 110 дугаар бүлэг болох “Хүннүгийн цадиг”-ийн эхэнд бичихдээ: “Хүннүгийн дээд өвөг нь (Хятадын)Сяхоу-гийн удам агаад Шуньвэй хэмээдэг байсан болой. Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэл мянга гаруй жилийн туршид Хүннүчүүд нэг үе хүчирхэгжин, нэг үе бууран доройтсоор иржээ. Чингэхдээ тэд байн байн салж бутарч, нэгдэн нийлэвч эгнэгт нэгдсэн нь үгүй“ гэж бичсэн байдаг нь дээр дурдсанчлан Хүннүгийн угсаа гарлын талаар эргэлзээ төрүүлдэг боловч нэн олзуурхууштай нь энэ өгүүлбэрийг цаг хугацааны хувьд баримжаа болгож авч үзэх боломжтой байгаад оршиж байна.
Одоо энэ талаар хэд хэдэн зүйлээр дэлгэрэнгүй ярилцья.
Нэгдүгээрт: өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр буюу Хүннүгийн түүхэн газар нутаг дээр одоогоос найман зуун мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан нь тогтоогдсон болохоор Хятадын газар нутаг дээр таван мянган жилийн тэртээх Хятадын үлгэр домгийн хааны аж төрж асан тэр үед Монголын газар нутаг дээр уугуул овог аймгууд оршиж байсан нь маргаангүй.
Тэр үеийг багцаагаар тогтоож болох бөгөөд мтө V мянганы тэртээх цаг үе байсан гэвэл тэр үед Өвөг Хүннү нар угсаатны хувьд бүрэлдэн бий болох идэвхтэй үе шатандаа ороод байжээ.
Тиймээс хариас дүрвэн дутааж ирсэн хэн нэг хүн огт хүн амьтангүй эзгүй зэлүүд газар ирж өсч үржээд тэдгээр нь Хүннү угсаатны эхлэл болсон гэхэд итгэхийн аргагүй юм.
Хоёрдугаарт: тэр хүн Хүннүгийн нутагт хүрч ирээд, тэнд аж төрж асан овог аймгийнхантай учирч, тэдний дунд орж амь зуун аж төрсөн бол олны дунд орсон ганц юм уу, цөөн хэдэн хүн тэдэнд уусан холилдохоос биш олон нь ганц хүнд уусч түүний удам угсаа болно гэдэг байж боломгүй зүйл. Гэр бүл, албат зарц нарынхаа хамт ирсэн байлаа ч гэсэн тооны хувьд цөөнх байсан нь мэдээж. Энэ талаар гадаадын ч, Хятадын ч дийлэнх эрдэмтэд нэлээд ултай судлаж, сүүлийн үед санал нэгдээд байна.
Гуравдугаарт: хэрэв тэр хүн дүрвэн дутааж ирээд өөрийн удам угсааг үүсгэн аж төрсөн юм бол суурин соёл иргэншилт нангиадын аж төрөх ёс бүхий амьдралын хэвшил бий болмоор, үр хойчис нь газар тариалан эрхлэн суурин амьдрал эрхлэн суусан баймаар. Гэтэл тэдгээр эх сурвалжид тэмдэглэгдсэн нангиад хүний удам хойчис нь суурьшмал тариачны соёл иргэншилт хүмүүс биш, харин нүүдэлчин соёл иргэншилт Хүннү угсаатан болж өсч үржсэн гэх нь үнэмшилгүй хэрэг.
Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? гэхүл нэгдүгээрт Хятадын түүхийн эх сурвалжууд дахь энэ нийтлэг бичлэг бол домгийн төдий ойлголт мөн. Магадгүй эрт хэзээ нэгэн цагт эх нутгаасаа дүрвэн одсон тийм хэрэг явдал байсан гэхэд ч, тэд ирээд, өсч үржээд бүхэл бүтэн угсаатан, овог аймаг бий болгосон гэдэг нь харин өрөөсгөл төдийгүй Нангиадын түүх бичлэгийн тогтсон, хэвшсэн арга барил мөн.
Сыма Цянаас хойших Хятадын түүхчид түүний энэ бичлэгийг баримтлан нүүдэлчдийн гарал үүслийг Хятадын эртний домгийн хаадын удам хойчис болгон бичдэг заншил тогтсоныг өнөөгийн Хятадын түүхчид харин үгүйсгэх болсон юм. Тухайлбал XX зууны эхэн хагаст Хятадын нэрт түүхч Ма Чаншоу: “Манай улсад эрт цагт ийм нэгэн үзэл дүгнэлт их тархсан юм. Тэр бол Хүннү нь Ся улсын хааны угсаа гарвалтай гэх үзэл агаад өнөөдөр энэ үзэл дүгнэлт ихээхэн эргэлзээтэй асуудал мөн” гээд олон жишээ дурдаж: “Ийм учраас Хүннүг Хятадын хаадаас удамтай гэдэг нь ямарч үндэслэлгүй юм” гэж “Умард Ди ба Хүннү” хэмээх бүтээлдээ тэмдэглэсэн байна. “Умард Ди ба Хүннү” 41-42-р тал. Гуйлин, 2006 он.
Нэг үе Хүннү судлалаар дагнасан түүхчид Сыма Цяний энэ үзэл дүгнэлтийг баримталж ирсэн бол өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хойш энэ дүгнэлтэд шүүмжлэлтэй хандах болсоор, ялангуяа Хятадын ахмад үеийн нэр бүхий эрдэмтдийн судалгаа шинжилгээ гарснаас хойш энэ үзэл баримтлалыг үндсэнд нь хойш тавьжээ. Эрдэмтэн Чэн Сюйзин энэ талаар дурдахдаа: ”Ер нь аливаа харь угсаатнуудыг ямагт Хуася-гаас удам угшилтай болгож үзэх нь алдаатай зүйл. Өнөөдөр Хүннү судлаачид дотор Сыма Цяний гаргаж ирсэн энэ үзэл баримтлалд итгэх хүн байхгүй” гэжээ.Чэн Сюйзин “Хүннүгийн түүхийн судалгаа” Бээжин, 2007 он, 123-р тал.
Харин бид энэ мэдээнээс ургуулан өөр дөрвөн чухал зүйлийг олж мэдэж болох байна.
Нэгдүгээрт: Бүр мтө X зуунаас өмнө буюу мөнөөхөн Шуньвэй гэгч нь Их говийн ар биед хүрч ирж, тэнд оршин сууж байсан нутгийн оршин суугчидтай нийлэн нүүдэлчин амьдралаар амьдрах болсон тухай өгүүлж байгаа нь тэр цагт энэ нутагт нүүдэлчин ард түмэн буюу шуудхан хэлэхэд Хүннү нарын өвөг дээдэс аж төрсөөр байсныг нотолж байна. Түүнийг Их говийн ар биед хүрч тэндэхийн оршин суугчдын дунд орж, тэднээс эхнэр аван үр хүүхэд төрүүлээд, гурван жилийн дараа нас барсан тухай нь Сыма Цян дурдсан байдаг.
Хоёрдугаарт: Зарим хүний ойлгодогчлон Хүннү нар эхлээд Их говийн өмнө биеэр нутаглаж байгаад мтө III зууны сүүлчээр Цин улсад шахагдан Их говийн ар биед гарч нутаглах болсон гэдэг дүгнэлт өрөөсгөл болохыг энэ мэдээ харуулж байна. Сыма Цяний бичсэнээс үзвэл Шуньвэйг Их говийн ард хүрч ирэхэд энэ нутагт уугуул оршин суугчид амьдарч байж.
Энэ бол бүр тэр үед Хүннү нарын өвөг дээдэс болох нүүдэлчин ард түмэн энд нутаглаж байжээ гэсэн үг мөн. Тэхлээр Их говийн ар бие буюу өнөөгийн Монгол Улсын үндсэн нутаг дэвсгэр нь лавтайяа мтө XVI зууны үе гэхэд Өвөг Хүннүчүүдийн газар нутаг байжээ гэж үзэхэд хүргэж байна.
Ер нь ихэнх түүхчид Хүннүчүүдийг анх Ордост нутаглаж байгаад умарш нүүдэллэн Их говийн ард гарч нутаглах болсон гэж үздэггүй, харин Их говийн ар ба өвөр талаар аль алинд нь нүүдэллэн нутаглаж байсан гэж үздэг.
Хятадын эрдэмтэн Жоу Ишань “Хан-Хүннүгийн дөрвөн мянган жилийн дайн” номдоо бичихдээ: “Бүр таван мянган жилийн тэртээд Хуанди нь Сюн-юй нарыг умарш хөөн холтгосон гэж Сыма Цянь “Түүхийн тэмдэглэл”-дээ дурдсан байдаг. Тэхлээр Их говийн умардад эрт цагаас тэд аж төрж байсан, тухайлбал Ся улсын сүүлч үеэр буюу мтө XVI зууны үед Хүннүгийн өвөг дээдэс тэнд аж төрж байсан тул Ся угсааны Шуньвэй гэгч нь тэдний өвөг дээдэс байж боломгүй. Харин тэр өөрөө Хүннүд очсон байх. Тиймээс Сыма Цянь түүнийг Хүннүгийн өвөг дээдсийн нэг гэж үзсэн буй заа” гэсэн байна.Жоу Ишань “Хан-Хүннүгийн дөрвөн мянган жилийн дайн” 2004, Шанхай, 14 дүгээр тал.
Гуравдугаарт: Өмнөх хоёр зүйлийн дүгнэлтэд тулгуурлан гуравдахь дүгнэлтээ хийхэд Шуньвэй гэгч тийнхүү Их говийн ар биед хүрч ирэхэд энд аж төрж байсан нутгийн оршин суугчид нь чухам хэн, ямар угсаатан байсан бэ? гэдэг асуудал зүй ёсоор урган гарч ирэх тул цаг хугацаагаар хөөн хэлэлцэж, тэд бол даруй Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид байсан гэж үзэж болох бөгөөд тэднийг Хүннүгийн өвөг дээдэстэй холбон авч үзэж болох буюу шуудхан хэлэхэд Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид бол Өвөг Хүннү нар байжээ гэж үзмээр байна.
Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булш, Хиргисүүр зэрэг нь цаг хугацааны хувьд өөр цаг үед хамаардаг боловч зөвхөн үүнээс нь болж тэдгээрийг өөр өөр ард түмэн бүтээсэн гэж үзэж болохгүй.
Түүхийн урт удаан цаг хугацааны туршид аливаа ард түмэн өөрчлөгдөж хувьсана, нийгэм нь хөгжиж дэвжинэ, тэр чинээгээр бодит ахуй амьдрал нь өөрчлөгдөж, өв соёлын зүйлд нь тусгалаа олдог нь дамжиггүй. Тийм учраас эдгээр өв соёлын хоорондох ялгаатай талуудыг бид өөр өөр угсаатан ард түмнүүдийн бүтээл болохоор тэр гэж үзэхээсээ өмнө нэгэн дээвэр дор аж төрж асан нэг угшилтай ард түмнүүдийн өөр өөр цаг үеийн бүтээл гэж үзмээр байна.
Хүннү судлалтай холбогдуулан XX зууны эхэн үеийн Хятадын нэрт эрдэмтэн Ван Гүөвэй “Нэгэн цаг үед, нэг дор амьдарч байсан хүмүүс нэг угсаа гаралтай байдаг” гэсэн судалгааны үзэл баримтлал, аргачлал гаргасныг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэдний нэг нь Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн түүхийг гүнзгий судалсан японы нэрт эрдэмтэн Ширатори Куракичи юм. Тэрбээр үүн дээр нэмж “Нэг газар нутагт өөр өөр цаг үед амьдарч байсан хүмүүс ч нэг угсаа гаралтай байж болно” гэж үзсэн байдаг.
Дөрөвдүгээрт: Энэ бүхнээс үүдэн дээрх мэдээ баримтад түүхэн цаг хугацааг баримжаалан тодотгох боломж бүхий асар их мэдээлэл агуулагдаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл Шуньвэй гэгч умарш дүрвэн Их говийн ард хүрч ирж Өвөг Хүннү нартай нийлэн суусан тэр цаг хугацааг энэ мэдээгээр баримжаалан тогтоож болох байна. Тэгвэл Хүннүгийн түүхийг өөрийнхөө амьдарч байсан цаг үеэс урагш мянга гаруй жилийн тэртээд хамаатуулан бичиж тэмдэглэсэн Сыма Цяний түүх бичлэгийн дагуу Хүннүгийн түүх тэр үе буюу мтө XVI зуун хүртэл урагшлан тодрох боломжтой ажээ.
Одоо энэ мэдээ баримтад дурдсан цаг хугацааны илэрхийллүүдийг нэгтгэн нэмж тоольё. Ингэхийн тулд уг бүтээлд дурдсан цаг хугацаа заасан өгүүлбэрийн хэсгүүдийг сугалан авч жагсаая:
1. Ся улсын сүр хүч бууран доройтож, тэр үест Баруун Рун нар... Бин нутагт түрэн ирж... суучухуай...
2. Тэр цагаас янагш гурван зуу илүү жил өнгөрөхөд Рун, Ди угсаат хүмүүс Жоу улсын тай ван Даньфу-г дайран довтолсон...
3. Арав гаруй жилийн хойно Жоу улсын Ү ван... Рун, Ди нарыг... умар зүгт түрэн холтгожээ...
4. Түүнээс хойш хоёр зуун жилийн хойно... Жоу улсын Му ван Нохойт Рун аймгийг довтлон дайлж дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга олзлон авч буцжээ...
5. Түүнээс бас хоёр зуун жил илүүтэй өнгөрсний хойно Нохойт Рун нар нангиадын төв нутаг руу уулгалан дайрах болчухуай...
6. Үүнээс 65 жил өнгөрсний дараа Уулын Рун нар Янь улсын нутгаар Ци улсыг довтолж улсынх нь нийслэл хотын дэргэд их тулалдаан хийжээ...
7. Үүнээс дөчин дөрвөн жилийн дараа Уулын Рунчууд эргээд Янь улсыг довтлов...
8. Үүнээс хорь гаруй жилийн хойно Рун, Ди нар Лүө И хотод ирж Жоу улсын Ран ванг довтолсон..
9. Түүнээс нэг зуу илүү жилийн хойно Зин улсын Дао гүн элч илгээн Рун, Ди нартай эе эв хэлэлцсэнд тэд хариуд нь Зин улсад айлчлав...
10. Мөн нэг зуун жил өнгөрөхөд Жао улсын Ран вангийн хойчис Дайди нутгийг дайлан эзэлж Ху нар ба Хао нартай хөрш суух болжээ...
Энэ бүгдийг нийлүүлэн тоолвол нийтдээ 1340 шахам жил болох бөгөөд багцаа тоо гэдгийг санавал даруй 1400 жил болно. Үүн дээр дараах цаг хугацааны илэрхийллүүдийг ч харгалзаж үзэх ёстой:
Хожим нь Янь улсын Цин Кай хэмээх нэгэн номтой хүмүн Хүннүд барьцаа данжийн хүн болон очиж суусанд хүннүчүүд түүнд ихэд дотно талтай болчухуай...
Түүнийг буцаж ирсний дараа Зүүн Ху-г довтлон дайрч мянганы газарт дутаалган холтгов...
Тэгээд Янь улс бас Зао-янгаас Ранпин хүртэл их хэрэм бэхлэлт байгуулавай. Энэ үед Хятадад хэв ёст соёлжсон долоон ханлиг улс байсны гурав нь ийнхүү Хүннүтэй хил нийлэн хөрш суух болжээ...
Сүүлд Жао улсын их цэргийн жанжнаар Ли Му гэгч томилогдсон тэр цагт хүннү нар Жао улсын хил хязгаарт довтлон түрэмгийлж зүрхлэхгүй болсон авай...
Эдгээр илэрхийллүүдийг нэгтгээд хам утгатай тоо гэж үзвэл бидний гаргасан тоо нийлээд 1400 жил болно. Үүнийг түүхч Сыма Цяний амьдарч байсан цаг үеэс буюу мтө II зуунаас урагшлуулан тооцож үзвэл даруй мтө XVI зууны үед хүрч очно. Одоо дээр таслан авсан цаг хугацааны илэрхийллүүдийн эхнийх нь өгүүлбэртэй энэ тоогоо холбож үзье. Ся улсын сүр хүч бууран доройтож байх тэр үе бол мтө XVI зууны үе юм. Бидний гаргасан тоо, Ся улсын сүүлч үеийн он тоолол хоёрын хоорондоо яг таарч байна. Ингээд үзэхэд Сыма Цяний дурдсан энэхүү мэдээ баримт нь ач холбогдол бүхий өргөн их мэдээлэл агуулсан байгааг нь бид олж харж болох байна.
Энэ үндсэн дээр Хятадын түүх бичлэгт тэмдэглэгдсэн янз бүрийн мэдээллүүдийг жагсаан үзвэл энэ мянган жилийн дотор болж өнгөрсөн түүхэн хэрэг явдлууд нэлээд тодорхой байдлаар гарч ирж болох байна. Үүнийг хүснэгт болгон үзвэл бүр тодорхой болно.
Хятадын түүхийн эх сурвалжуудад эдгээр үйл явдлыг зөвхөн тоочин дурдсан биш, дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь түүх бичлэг болгон гаргаж ирэх бүрэн боломжтой байна. Эдгээр мэдээ мэдээлэл, баримт сэлтийг эргэн үзэж нэгтгэн дүгнэж ярилцья.
Нэгдүгээрт: юуны өмнө эдгээр нь цаг хугацааны хувьд МТӨ III зуунаас өмнөх үед буюу тодотгон хэлвэл МТӨ 209 онд Моодун шаньюй эргэлт хийн төрийн эрхийг гартаа авч, Төв Азид нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан гэж үздэг манай тогтсон түүх бичлэгээс урагших цаг үед холбогдох мэдээ баримтууд болно. Манай түүх бичлэгт үүнээс өмнөх цаг үеийн хэрэг явлуудыг дурдахдаа түүхийн он дарааллын журмаар биш, харин домог үлгэр, уламжлалт хууч яриаг тэмдэглэн хүргэсэн шинжтэй байдаг.
Хоёрдугаарт: Эдгээр мэдээ баримтад дурдсан мянга гаруй жилийн хугацаанд холбогдох түүхэн үйл явдлуудыг Хятадын эртний түүх бичлэгээс нэлээд дэлгэрэнгүй, бас цэгцтэй байдлаар түүвэрлэн авч он дарааллын журмаар жагсаан холбож үзэх бүрэн боломжтой байна.
Гуравдугаарт: Ингэж үзвэл Хүннүгийн угсаа гарваль нэлээд бодитойгоор урагшлан тодорч байна. Ингэхдээ энэ цаг хугацааны эхний хагаст Хүннүгийн өвөг дээдсийн, сүүлийн хагаст Хүннү нарын хэрэг явдал, намтар үйл холбогдохыг бид олж харна. Иймд эдгээр мэдээ баримт бүхий бичлэгүүдийг бид нэгд нэгэнгүй түүвэрлэн авч эмхэлж, орчуулан, Монголын түүх бичлэгт оруулах ёстой.
Дөрөвдүгээрт: Ингэсний үндсэн дээр бид энэ түүх бичлэгийг манай археологийн ололтуудтай холбон авч үзэж, судлан тогтоох шаардлагатай билээ. Энэ явцад Хятадын түүх бичлэгт буй Хүннү ба Өвөг Хүннү нарын тухайт эдгээр мэдээ баримт нь Монголын нутаг дэвсгэр дээр өргөн тархсан байдаг Буган чулуун хөшөө, Дөрвөлжин булш, Хиргисүүр болон Хадны зураг бичээсийн соёлыг үлдээсэн ард түмнүүдтэй хэрхэн холбогдох нь тодрон тогтох биз ээ...
Post Scriptum: Олон жилийн өмнө би энэ өгүүллээ бичиж нийтлүүлж байж, бас 2011 онд Төв Азид буюу Нүүдэлчдийн ертөнцөд анхны Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан хэвлүүлсэн “Хүннүгийн түүх, соёл” номд минь бий. Тухайн үед би энэ түүхэн тэгш ойг тэмдэглэх, жил бүрийн баяр наадмаар тулгар төрийн ойг ямагт дурдан үндэстний ой санамжийг сэргээж байхыг уриалсан өргөх бичиг санаачлан боловсруулж нэр бүхий эрдэмтдийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн танилцуулж байсан юм аа. Өдгөө энэ санаачилга маань баттай тогтож хэвшжээ.
Үүнтэй холбогдуулан нэмж хэлэхэд, нүүдэлчин ард түмнүүдийн тулгар төр байгуулагдсан он тоолол мтө 209 оноос ч өмнө байх ёстой гэж зарим хүн үзэж, түүнийг гарган ирж тоолж тооцохыг хүсдэг. Үүнд их нарийн учир бий. Болох, болохгүй юм зөндөө байдаг. Гэвч урт яриа болох тул түр азная, дараа дахин ярилцсугай.
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар
Сэтгэгдэл6
наад бичвэрээ шатааж хая.
хөөнүүтэж хөө хэр хол явах бичиглэл. хөглөө. бүдүүлэг харанхуйн тухай. үгийн тоглоом. элэг
2550 жилийн тэртээ бичигдсэн гэвэл ойлгогдох амархан баймаарын
ориг эх бичиг ямар текстыг ийм болгочвоо. текст, галиг, үгчилсэн орчуулга. бусад нь хэрэггүй. шал хэрэггүй.
жао (дао) улсын ран (а) вангийн хойчис дай хий нутгийг дайлан эзэлж ху нар ба хао нартай хөрш суух болжээ... уулын рун (у) вангийн хойчис. u буюу би, миний овоолго шан сан 山 шон. ориг текст нь ойлгогдоод байхын
хөгжилтэй инээдтэй бичигдсэн. уншаад л хөхөрч унаад