sonin.mn

Украины хямрал, барууны орнуудын хориг арга хэмжээний нөлөө үргэлжилж байгаа ч Оросын эдийн засаг 2023 онд бүхэлдээ сэргэх хандлагатай байж, эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, олон улсын олон байгууллагын санаснаас өөр байв. Үүний зэрэгцээ Орост эдийн засгийн зарим асуудал, сорилтууд илэрхий тулгарч буй. Энэ онд Оросын Засгийн Газар аж үйлдвэрийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, инфляцийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, мөнгөний харьцангуй хатуу бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ авч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.


Эдийн засгийн сэргэлтэд гурван хүчин зүйл голлон нөлөөлсөн


Владимир Путин саяхан "Жилийн тоо баримт" уулзалтын үеэр 2023 оны Оросын эдийн засгийн хөгжлийн байдлыг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтэд дүгнэж хэлэхдээ, "2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2.1 хувиар буурч байсан бол 2023 онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна" гэв. Оросын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд гурван зүйлээс шалтгаалсан гэж шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, эрчим хүч, үр тарианы экспортын орлого харьцангуй тогтвортой, үйлдвэрлэл, хэрэглээ сайжирсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Эдгээр бүтээгдэхүүний экспортын орлого тогтвортой байх нь Оросын эдийн засгийн өсөлтөд чухал хүчин зүйл болдог. Үүний зэрэгцээ 2023 онд Оросын эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчим хувь нь цэргийн аж үйлдвэрийн цогцолбор болон холбогдох электроник, компьютер, оптик ба бусад үйлдвэрүүдээс бүрдэж буйг албан ёсны статистик харуулж байна.


Хоёрдугаарт, санхүүгийн хяналт үр дүнтэй байжээ. Өнгөрсөн зунаас хойш рублийн ханш сулрах хандлагатай болж, ам.доллар рублийн ханш 1:100 харьцаанаас олон удаа давсан. ОХУ үүний хариуд хяналтын хатуу арга хэмжээ авч, зарим экспортлогч компаниудад валютын орлогыг дотоодын зах зээлд шилжүүлэхийг шаардаж, гадаад валютын хөрвөх чадварыг зохицуулах замаар рублийн ханшийн савлагааг бууруулахын тулд санхүүгийн хяналтыг чангатгасан байна.


Гуравдугаарт, Орос улс олон улсын худалдаанд барууны орнуудын бүслэлтээс гарсан. 2023 оноос хойш Орос улс нэг талаар "найрсаг орнууд"-тай худалдаагаа эрчимжүүлж, нөгөө талаар олон улсын төлбөр тооцоонд өөрийн валютыг түлхүү ашигласан. ОХУ-ын Ерөнхий Сайд Михайл Мишустин: "Оросын "найрсаг орнууд"-тай хийсэн худалдааны хэмжээ Оросын нийт гадаад худалдаанд хурдацтай өсөлт бий болгосон. 2023 оны эцэс гэхэд Орос бусад улстай хийсэн олон улсын төлбөр тооцоонд рублиэр хийсэн тооцооны эзлэх хувь 65 хувьд хүрэх төлөвтэй байна" гэжээ.


Олон сорилт цаашдын өсөлтөд саад болно


Орос улс тогтвортой өсөлтөө хангахад олон эрсдэл, олон сорилттой тулгарч байна. Гаднын хориг арга хэмжээний дарамтаас гадна аж үйлдвэрийн тэнцвэргүй байдал, өндөр инфляц, ажиллах хүчний хомсдол Оросын эдийн засагт сорилт болж байгааг шинжээчид онцолж буй юм. Нэг талаар цэргийн үйлдвэрлэлээс үүдэлтэй өсөлтийг тогтвортой байлгахад хэцүү байж болох юм. Өнгөрсөн жил Оросын цэргийн аж үйлдвэрлэл мэдэгдэхүйц өссөн боловч нарийн техникийн боловсруулалт шаарддаг иргэний хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл илт буурсан.


Цэргийн үйлдвэрлэлд хэт түшиглэсэн эдийн засгийн өсөлтийн өнөөгийн загвар нь тогтворгүй төдийгүй инфляцыг улам өсгөж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаар үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг хангах, инфляцыг бууруулах дарамт нэмэгдсээр байна.


Тодруулбал Москва, Санкт-Петербург зэрэг том хотуудад жимс, хүнсний ногоо, махны нийлүүлэлт хомс, үнэ огцом өссөөр байгаа. Инфляцыг бууруулахын тулд Оросын Төв банк саяхан бодлогын хүүг 16 хувьд хүргэсэн. Төв банкны Ерөнхийлөгч Набиуллина хэлэхдээ, "Инфляц өндөр байгаагийн үндсэн шалтгаан нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа явдал юм. Цаашлаад ажиллах хүчний хомсдол нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хязгаарлана. Орост одоогоор ажилгүйдлийн түвшин түүхэн доод түвшинд буюу 2.9 хувьтай байна." гэв. Мөн "Российская газета"-д мэдээлснээр, одоогийн байдлаар Оросын боловсруулах үйлдвэрт 660 мянга, хөдөө аж ахуйд 200 мянган ажиллах хүч дутагдаж байгаа гэнэ. "Орфинам" хөрөнгө оруулалтын компанийн макро эдийн засгийн шинжээч Беленикая хэлэхдээ, "Ажиллах хүчний хомсдол Оросын олон жилийн хүн амын асуудал, түүнчлэн цэргийн тусгай ажиллагаа, батлан хамгаалахын үйлдвэрлэл зэрэг хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй нөлөөлөлтэй холбоотой" гэв.


Эдийн засгийг тогтворжуулах олон арга хэмжээ


Эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй олон таагүй хүчин зүйлийг харгалзан үзвэл энэ онд Оросын эдийн засгийн өсөлт удааширч магадгүй юм. Оросын Төв банк 2024 онд Оросын эдийн засгийн өсөлт 0.5-1.5 хувь байна гэж таамаглаж байна.


2024 онд ОХУ-ын Засгийн Газрын эдийн засгийн бодлогын гол чиглэл нь аж үйлдвэрийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, мөн инфляцыг хязгаарлах мөнгөний харьцангуй хатуу бодлого хэрэгжүүлэх болно гэж шинжээчид таамаглаж байна.



Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд энэ онд Оросын Засгийн Газар аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, шинэ технологи хөгжүүлэх, ажилтнуудыг давтан сургахад идэвхтэй дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. ОХУ-ын Төв банк саяхан 2023 оны эцэс гэхэд Оросын инфляцын түвшин 7-7.5 хувийн хооронд байж, зорилтот түвшний 4 хувийг илүү давна гэж таамаглаж байсан. Мөн тус улсын Засгийн газар 2024 оны эцэс гэхэд инфляцын түвшин 4-4.5 хувь хүртэл буурна гэдэгт найдаж байна. Набиуллина “Энэ нь цаашид урт хугацаанд мөнгөний хатуу бодлого баримтална гэсэн үг” гэж тодотгож хэлжээ.


Наянтайн Далантай