sonin.mn

Ардчилсан Намын "4-11" хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, АН-ын ХЭГ-ийн дарга О.Лхагвадорж болон тус шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар оролцов.


Хэвлэлийн хурлын үеэр АН-ын нарийн бичгийн дарга нар өөрсдийгөө танилцуулж, байр сууриа илэрхийлэв.

Мөн АН-ын ХЭГ-ийн дарга О.Лхагвадорж энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Сонгуулиас сонгууль бүрд Монголын ард түмнийг саналыг нь авахын тулд халамжийн нэг хэлбэр болсон тэдний амин хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг тараадаг зүй тогтол ажиглагддаг. Жишээ нь, гурил будаа, нүүрс, талон гэх мэт асар олон зүйлс тараадаг.


2024 онд ч энэ асуудал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Ардчилсан Намын зүгээс Монгол Улсын нийт иргэддээ хариуцлагатайгаар уриалмаар байна. УИХ-ын сонгуулийн тойрог томсгосон хэлбэрээр явагдана. Энэ хүрээнд богино хугацаанд иргэдэд танигдах арга болгож, хээл хахууль, авлигаар хөрөнгөжсөн хэн нэгэн нэр дэвшигч надад саналаараа өгөөрэй гээд танд гурил будаа, нүүрс тэргүүтэй таны гэр бүлийн хэрэгцээнд чиглэсэн олон зүйлийг ил болон далд хэлбэрээр өгөхийг үгүйсгэхгүй. 2012 онд ч, 2016 онд ч, 2020 онд ч энэ зүйл байсан.



Таны авч байгаа уут гурилаар, танд өгч байгаа шуудай нүүрсээр Монгол Улс орших уу? Эс орших уу? гэдэг хувь тавилан шийдэгддэг учраас гурил будаа, нүүрс төдийхөн нэг л удаа хэрэглээд дуусах тэр зүйлсээр эх орноо битгий худалдаарай гэж ард түмнээсээ уриалмаар байна.



2024 оны сонгууль бол хариуцлагатай сонгууль. Дахин хэлье, улс эх орон маань орших уу? Эс орших уу? дээрээ тулсан бодлогын сонгууль явагдах учраас ард түмэн энэ тарааж байгаа зүйлд нь хууртахаас илүүтэйгээр няхуур хандаж, бодлого харж, ирээдүйг харж сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Мөн бусад улстөрийн нам, хүчнүүддээ ч уриалмаар байна. Ард түмний саналыг худалдаж авах зорилгоор элдэв халамж руу чиглэсэн эд зүйлс тараахгүй байхыг та бүхнээс хүсэж байна." гэв.




М.Чой