Олон сайн нөхөд маань тархинд цус харвасан, зүрхэнд цус харвасан (инсульт, инфаркт) гэх оноштойгоор хорвоог орхилоо. Тэд маань үүнээс урьдчилан сэргийлж байсангүй. Ингэх эрсдэл өөрсөд нь байгааг ч ойлгож, тооцож, эм бэлдмэл тогтмол хэрэглэсэнгүй. Үхэх, тахир дутуу болох энэ хоёр аюул өнөөдөр Монголд тун ч их өргөслөө. Цэл залуу насандаа ч хүмүүс энэ аюулд өртөж байна.
Хэт их ачаалал, бухимдал, хоол нойргүй, дэглэм муутай амьдрал, их илүүдэл жин, архи тамхи, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдолт, эрүүл ахуйн талаарх мэдлэг, боловсролын нам түвшин зэрэг тун олон хүчин зүйл хүмүүсийг зүрх, судасны өвчин, эмгэгтэй болгодог. Энэ бүгд өнөөдөр Монголын хот, хөдөөд нүүрлэжээ. Энэ бүхний талаар би урьд өмнө цөөнгүй өгүүлэл бичиж сонин.мн-ээр уншигчдад хүргэсэн юм. Энэ удаад артерийн судасны даралттай холбоотой мэдлэг, мэдээллийг уншигчдад илгээе.
Цусны даралт 119/79-өөс доош байвал тархинд цус харвах болон эрт зөнөх эрсдэл байхгүй. Харин 120-129/80-84 хүртэл их бол тархинд цус харвах болон эрт зөнөх эрсдэл бараг л 50 хувиар ихэсдэг.
Хэрэв даралт 130-139/85-90 хүртэл их бол эрсдэл бараг л 90 хувь болдог байна. 140/90-ээс дээш бол эрсдэл 600 хувь болж аюул хаяанд ирдэг. Эрт зөнөглөх аюул ч бараг л 50 хувь болж нэмэгддэг. Зарим хүн даралт өндөр байгааг хэвийн, хувийн онцлог гэж боддог. Энэ бол том төөрөгдөл. Өндөр даралт бол таныг байнга дагалдаж яваа аюул. Даралт өндөр болох тухай бүрийд л хүний тархин дахь аль нэгэн хялгасан судас задарч цус алдаж байдаг. Юүлэгдсэн цус нь тэр орчноо эргэж сэрэхгүй хэмжээнд гэмтээдэг. Чухам аль, ямар төвүүд гэмтсэнээс шалтгаалж тархины үйл ажиллагаа сааталд ордог. Хүн аль нэг хэмжээгээр тахир дутуу болдог. Иймд артерийн даралт байнгад л 120/80-аас бага байх ёстой. Уураг тархин дахь хялгасан судаснуудын задрал нь хөгшин, залуу аль ч насны хүн эрт зөнөх, тэнэгрэлд автахад хүргэдэг. Хүн ах дүүгээ ч танихаа больдог, өөрийн нэрийг ч мартаж яг л мал, амьтан мэт болдог. Ийм баримт, жишээ хотод ч, хөдөөд ч өнөөдөр олон байсаар байна. Энэнээс сэргийлэх гол арга бол даралтны эмийг байнга, тогтмол хэрэглэх явдал юм.
“Даралт ихэссэн үед л эм уудаг. Хэвийн болохоор нь уухаа больчихдог.” “Даралт ихэссэн болохыг би мэдэрдэггүй. Өндөр даралт бол миний биеийн онцлог, хэвийн төлөв, байдал” гэж ярьж, мэдэмхийрсээр байгаад л инсульт болж хохирсон хүн олон байна. Өөрийн нь бодол өөртөө зөв, үнэн юм шиг санаж, төөрөлдөх нь уг эзэндээ үхэл авч ирдэг ажээ.
Цусны даралт, илүүдэл жин, цусан дахь саахарын ихсэлт, холестерины ихсэлт, стресс, ганцаардал, архи тамхи, нойргүйдэл, архаг хууч өвчин, дүлийрэл, бөөрний үйл ажиллагааны хямрал, сэтгэл гутрал мэт нь хүн төрөлхтний энэ цаг үеийн дайсан юм.
Цусан дахь саахар 5,6-аас бага бол тархинд цус харвах, эрт зөнөглөх аюул байхгүй. Харин 5,6-6,9 болох хэрд аюулын эрсдэл 20 шахам хувь болдог. 7-оос их болчихвол аюул 70 хувь болж өсдөг.
Артерийн даралт, цусан дахь саахарын хэмжээ хоёроо хянаж чаддаг хүн л өнөөдөр 90-ээс дээш насалж байна.
Зүрхний үйл ажиллагаа хэвийн, судасны хана бохирдол үгүй, уян хатан, цус шингэн, дархлаа сайн, жин хэвийн байх нь аз жаргалтай амьдралын суурь нөхцөл юм.
Өтлөх насны зожигрол, ганцаардалт бол өвчин олох, богино наслахын л цондон, шалтгаан. Хэн хүнд хамт олон ч хэрэгтэй, гэр бүл ч хэрэгтэй, хүн бол нийгмийн амьтан, сүргийн гишүүн, ахмад болон залуу үеийнхнийхээ ясан болон цусан төрлийн хамаатан. Энэ хэлхээ, холбоо л хүнд амьдрах эрч хүч, сонирхол, шижим түлхээс болж байдаг.
Зүрх, судасны өвчин, эмгэг өнөөдөр Монголд чимээгүй тахал болчихлоо. Өвчлөх, нас барах эрсдэлд хөгшин, залуугүй өртөж байна. Тэгсэн атлаа энэ аюулаас сэргийлэх талаар дээр, дооргүй бүгд л анхаарахгүй, сэрэмжлэхгүй, сурталчлахгүй, чадах хэрээрээ тэмцэхгүй байна. Тэр ч бүү хэл мэдлэг, боловсролын намхаан түвшнээс худал мэдэмхийрэгч, цуурхаж, бусдыг хорлох, уруу татах нь цахим орчинд хавтгайрлаа. Тийм хүмүүсийн хор нөлөө ихэссээр байна. Үнэн мэдлэг, зөв мэдээлэлд л анагаах ухаан тулгуурлах ёстой.
Цар тахал, вакцин, хорт хавдар, зүрх судасны өвчин, эмгэгийн талаар худал, буруу мэдээлэл тараасан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй.
“Хүмүүст тусалдаг бурхдын гар бол зөвхөн л шинжлэх ухаан юм. Түүнд өөр гар байхгүй” гэсэн мэргэн үг ч буй. Энэ үгийг санаж, шударгыг, үнэн мөнийг эрхэмлэж, худал үг, мэдээллээр өөрийгөө болон бусдыг бүү хорлоороо хэмээн гуйж байна. “Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт”, “Үнэнийг бүү таньж мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх мэтийн ухаалаг үг, хараалын үгийг санагтун! Өөрөө байнга суралц, таньж мэд, таньж мэдсэн хүний үг, зөвлөгөөг ухаалгаар тусгаж ав! Тэгвэл л та урт насалж, удаан жаргах болно.
Өөрт чинь тус болсон, таарсан эм, бэлдмэл, эмчилгээг бусдад бас л яг таарах, тохирох мэтээр бодож, шууд хэрэглүүлж болохгүй. Өөр хүнд огт тохирохгүй, бүр хорлол болж ч мэднэ. Хүн хүний бие, цогцос, нас, эм тариа зохих, таарах байдал өөр өөр шүү дээ!
Ууж, хэрэглэж байгаа эмнүүдийнхээ зааврыг заавал ч үгүй авч анхааралтай уншиж бай! Хүүхэд, хөгшид, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зөвхөн, ганцхүү мэргэжлийн эмч л ямар эм хэрэглэхийг зөвлөх, шийдэх эрхтэй. Тэд (хүүхэд, хөгшид, эхчүүд) бол эмзэг бүлгийнхэн, тэдэнд уулгаж болохгүй эм гэж буй, зөвшөөрөгдөх доз, хэмжээ гэж буй, урагт нөлөөлөх аюул гэж буй.
Цахимаар, гар утсаар авсан мэдлэг, мэдээлэлд тулгуурлан дур мэдэн биеэ эмчилснээс болж эндсэн тохиолдол байнгад л өссөөр байна. Дахин шалгаж, эмчээс асууж, лавлаж байж л эм, эмчилгээг сонгох, хэрэглэх ёстой.
Судасны ханыг бохирдуулж хатууруулдаг холестерины 80 орчим хувь нь шөнийн цагт хүний элгэнд үүсдэг. Энэ хэмжээг бууруулдаг эм бол статин юм. Гэхдээ монголойд төрхийн хүн статиныг 5-10 мг-аас хэтрүүлж хэрэглэж болохгүй юм байна. Энэнийг бид уг эмийн зааврыг уншиж байж л мэднэ. Гэтэл европеоид төрхийн хүн хоногт 80 мг хүртэл хэрэглэж болдог ажээ. Зааврыг уншихын ач холбогдол гэж энэ юм.
Анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн тэргүүний хэсгийнх нь анхаарал одоо хүмүүсийг эрүүл байлгах, урт наслуулах, зөнөглөхөөс сэргийлэхэд л голчлон чиглэх болов. Өвчилсөн хүнийг эмчлэх үүргээс хальж, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл урт наслахад нь туслах зорилгоор бүр төрсөн өдрөөс нь эхлэн хэд хэдэн шинжилгээ авч байна. Эхийн хэвлийд байхдаа олсон байж болох эмгэг, эцэг эхийн генээс уламжилсан байж болох согог, яг төрөх үеийн нь үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээгээр тодорч, товлолт вакцинуудаар дархлааг нь дэмжиж чадаж байгаа нь үнэндээ бол гайхамшиг юм. Гэхдээ бүх улс орон ингэж чадахгүй байгаа нь харамсал төрүүлдэг.
Монголчууд нярай хүүхдийг “Урт наслаарай!, Удаан жаргаарай!” гэж ерөөдөг. Энэ ерөөлийг хэрэгжүүлэх нөхцөл хөгжилтэй орнуудад одоо л бүрэлдэж, буй болоод байна. 150 гаруй жилийн өмнө хүний дэлхийн дундаж нас 40 орчим л байсан юм шүү.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл0