sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5 дахь жилийнхээ босгыг даваад 3 сар болох гэж байна. Тасралтгүй 1184 өдөр шөнө байлджээ. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс хилийн чанадад дүрвэсэн оросын судлаач шинжээчдийн ярьсныг үндэслэн В.Путины БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын нарийн ширийнээс хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.


BBC News-д Орос дахь Карнеги төвийн эрдэм шинжилгээний ажилтан Темур Умаров, оросын сэтгүүлч Олег Антоненко нар харилцан ярилцжээ. Мэдээж ёслол талаасаа айлчлал сүрлэг, сэтгэл татам болсон. Владимир Путин, Си Жиньпин нар “Олон туйлт ертөнц тогтоох тухай Бээжингийн тунхаглал”-д гарын үсэг зурж, “Иж бүрэн түншлэл, стратегийн харилцан ажиллагаагаа бэхжүүлэх тухай” мэдэгдэл гаргасан. Гэхдээ энэ нь Оросын чин хүсэлд тааруулсан Хятадын нүүр тал харсан ая зассан алхам болсон болохоос Путиныг баярлуулахаас цаашаа хэтэрсэнгүй. Үнэндээ Путин зөвхөн нефть, хий, шингэрүүлсэн хий ярьж, харин Си энх тайвны тухай ярилаа. Ялгаа нь энэ. 


Барууны эсрэг хамтран зогсоё, эвсэл болъё, байгаа эвслүүдээ Барууны эсрэг чиглүүлэе гэдэгтээ дэмжлэг авахаар Путин очсон, Украины дайны тухай хаалттай ярилцсан боловч прагматик Хятадаас юу ч олж авсангүй. Харин ч бусдын газар нутгийг хүчээр байлдан эзлэж булаан авч болохгүй гэсэн мэдэгдэл Си хийлээ хэмээн хоёр орос судлаач ярьж байна.


Хамгийн гол нь Украин, Иранд тохиож буй мөргөлдөөнд энэ хоёр улс ямар нэгэн нөлөө үзүүлж чадах эсэх, тэр нөлөө нь Барууныг ухрааж чадах эсэх нь эргэлзээтэй үлдлээ хэмээн “иноагент” Умаров нэмж хэлэв.


Ингэхэд өнөөг хүртэл Путин хүсээд, олон дахин гуйж мөргөөд байхад бас өнөөг хүртэл Хятад нь яагаад Оросын холбоотон биш, түнш хэвээрээ байгаа вэ гэдэгт гол зангилаа оршиж байна. Тэгэхдээ түнш түншдээ Хятад нь түнш гэхээсээ Орос нь юу ч борлуулж шахаж болох хямд зах зээл, түүхийн эдийн ханган нийлүүлэгч, хязгааргүй том газар нутагтайн хувьд Орос нь Хятадын түнш болж хувирсан. Дэлхий дахины том том геополитик ярьж чаддаг зүгээр л ханган нийлүүлэгч, худалдагч Орос. Оросын “Сила Сибири-2” гэх хийн хоолойг Хятад дэмжээд сүйд гэсэн нь хамтран ажиллая гэсэн амлалтаа Хятад давтсанаас хэтэрсэнгүй. Тэгвэл Путин их найдлага тавьж очсон, Трампаас юугаараа дутах вэ гэсэн шиг Дерпаска, Сечин, Тимченко, Миллер нараа дагуулж очсон боловч хэт хүлээлтэд нь Бээжин тохирсон таатай хариуг нь барьсангүй. Ингэхэд Бээжин, Москва хоёрт Тегераныг дэмжих нэгдсэн стратеги байхгүй нь харагдлаа. Хятадад Путиныг хэн гэж хардаг болсон бэ гэдэг бялдуучлах өвчтэй зүгээр л нэг фанатик хэмээн Темур Умаров, Олег Антоненко нар Оросын Төрийн тэргүүнийг тавлан ярьж байгаа харагдав. 


 “Эрх чөлөө Радио”-гоор сэтгүүлч Рид Стэндиш оросын шинжээч Руслан Айсинтай “Путин Оросын дор мина булчихлаа: Хятадтай нөхөрлөх нь яагаад аюултай вэ?” сэдвээр ярилцаж байгаа бичлэг байна. Явж явж Хятад, Орос хоёр чинь холбоотон яав ч биш, харин өрсөлдөгчид.


Путин л Хятадад талархлаа элдвээр илэрхийлж байгаагаас бус Си түүний нөлөөгөө энд тэндгүй, бүх салбарт алдаад дуусч байгааг дув дуугүй харж ажиж, аяыг нь дагуулан найрамдлын тухай ерөнхий ярьж, харин Оросын одоогийн туулж байгаа зовлонг хуваалцах талаар дорвитой юу ч хийхгүй нь тодорхой байна. Оросын хувьд Хятадад санал болгохоор шинэ соргог юу ч байхгүй. Путин Си-гээс Оросын эдийн засгийг дэмжээч гэж уриалан дуудаж байгаа ч Хятад нь хариуд нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хямд үнээр Орост массаар нь шахах, жишээ хятад автомашины 50% нь Орост зах зээлээ олсон, Оросын хот хөдөөгүй хятад машин хөлхөж байна, өөрөөр түүхий эд-нефть, хийг нь хэт хөнгөлөлттэй худалдан авах, өөрөөр АНУ шиг дэлхийд давамгайлж тэгснээрээ олон улсын тавцанд Оросын алдсан нөлөөг бэхжүүлэх талаар ямар ч амлалт өгөөгүй, тийм болчимгүй алхам хийхгүйгээ сайн мэдэхтэйгээ. Путин хэрэг дээрээ Си, Трампын хооронд жороолох гээд бүтсэнгүй. Зүгээр л Орос нь Хятадаас маш их хамааралтай юм байна, цаашдаа бүр ч их хамааралтай болох юм байна гэдгээ нотлож өглөө. Үнэндээ Кремлийнхэнд хөзөр алга. Оросын цөмийн зэвсгийн сургуулилтад Хятад таагүй хандаж байгаагаа илэрхийллээ. Цэргийн өнцгөөс Хятад нь Орост нөлөөлж чадахгүй нь ганц үнэн. Харин эдийн засгийн хувьд Орост нөлөөлж чадна, адаг сүүлд нь оросууд харамстал нь нөлөөлж чадна. Оросын зэвсгийг дуустал нь худалдаад авчихсан ч чадна.  


Руслан Айсины яриан дотор нэг эвгүй зүйл дуулдав. “Оросын ертөнц” гэдэгтэй адил ертөнц Хятадад бас бий, тэр нь хүчтэй, Байгаль нуур руу хятадууд претенз хийдэг гэдгээ Путинд ойлгуулав гэжээ. Орос орон Хятадын өмнө зүгээр л өтөлж ядарсан хөгшний дүртэй харагдаж байна. Путин бол муу удирдагч, Орос орноо муу удирдаж байна, тэр муу дээр нь хятадууд тоглож чадаж байна. Путин улам ч үнэ цэнэгүй болж байна.


Алс Дорнод, Эрхүү, Чита тэр чигтээ Хятадын эдийн засаг-санхүүгээс хамааралтай болж, орос хэл соёл гэхээсээ хятад хэл сурагчиддаа зааж сургах нөхцөлтэйгээр дунд сургууль барих зардлаа Хятадаас хүсэх хэмжээнд доошоо орж байгаа нь Путины сул доройнх биш гэж үү хэмээн Р.Айсин ам асуужээ. Одоо оройтоогүй дээрээ Хятадаас болгоомжлох хэрэгтэй. Тухай үедээ Хрущёв хүртэл Хятадтай тэгтлээ нялуурж найзлахаасаа дөлж байсан. Тэр үед СССР гүрэн маань бүрэн хүч чадлаараа ямар аугаа байлаа даа. Гэтэл одоо энэ Путин ард түмний нэр бариад хэнтэй нөхөрлөх, хэнтэй худалдаа хийх, хэнийг үзэн ядах тухай шийдвэр гаргаж байгаа нь буруу. Олон туйлт дэлхий байх нь байна. Гэвч Орос өөрөө нэг туйл нь биш болсон. АНУ-тай сөргөлддөг, тэнцвэр барьдаг хөг нь өнгөрсөн. Иймд маш хурдтайгаар Европтойгоо улс төр-худалдааны тэнцвэрээ сэргээн тогтоохгүй бол Хятадад уусах аюултай гарцаагүй тулгарна. Хятадтай найрамдсаар байгаад Хятадын нэг туйлын дор Оросыг оруулчих нас Путинд байна гэхчлэн маш ноцтой ярьжээ.


 

Орчуулагчийн хувьд нэмж хэлэх үг алга. Та бүхэн орчуулгад итгэхгүй бол сайтаас хайгаад үзнэ үү.

Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь


sonin.mn